2010/03/21

Доктор Юрий Щербатых: Хамгийн хар нүгэл бол атаархал

-Эрдэмтэд үхлийн долоон нүглийг тодруулж, үүслийн шалтгаан мөн чанар, үр дагаврыг нь тайлбарлаж байна-Өмнө нь нүглийн тоо найм байсан
Москвагийн Хүмүүнлэг-эдийн засгийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор, биологийн ухааны – доктор Юрий Щербатыхийн “Үхлийн долоон нүгэл” нэртэй шинжлэх ухааны баримтат өгүүллийн ном хэвлэгджээ. Орчин үед нийгмийн сэтгэл зүйд нийтлэг ажиглагдах болсон атаархал, бардамнал, сувдаг сэтгэл, шуналт зан, уур хилэн, харамч зан, гуниг гутрал зэрэг долоон нүгэлт араншинг зохиогч тус бүрд нь тоочин учир шалтгааныг нь тайлбарласан аж. Энэ долоон нүглийн талаар “КП” сонины сурвалжлагч зохиогчтой ярилцжээ.-Юрий Викторович, христийн шашинд нүглийг яагаад үхлийн гэж тодотгодог юм бэ. Атаархал, шуналаас болж хүн амиа алдамгүй л юм?
-Аливаа нүглийг үйлдэгч этгээд шашны сургаал ёсоор сэтгэл зүрхээ мөхөлд хүргэсэн гэж тооцогддог. Нүглийн тухай санамжууд дөрвөн мянган жилийн өмнө зохиогдсон эртний Египетийн “Амьгүйчүүдийн ном”-д анх бичигдсэн байдаг. Атаархал, бардамнал, уур хилэн, садар явдал, гуниг гутрал зэрэг нүглийг хүн амьдралынхаа үед хэрэгжүүлэх юм бол түүнд үхлийн хар зам бурхнаас захиалагддаг тухай номлосон байдаг.Үхлийн хар нүглүүдийн анхны жагсаалтыг шашны номлогч Евагария Понтийский гаргаж байсан.VII зууны үед аугаа Григорий пап уг жагсаалтыг бага зэрэг өөрчлөн найман нүглийн тодорхойлолтыгнийтлүүлсэн байдаг. Үхлийн хар нүглийн тухай номлолыг шашны нэрт номлогч Фома Аквинский(XIII зуун) анх олноо танилцуулснаар олны хүртээл болж эхэлсэн.
Улаан нүдний өвчин
-Хар нүглүүдийг яг нарийн жагсаагаагүй хэдий ч хамгийн хүнд, хатуу гэж тооцогддог нүгэл бий юу?
-Би хувьдаа атаархлыг хамгийн муухай нүгэл гэж үздэг. Хамгийн хорт мэдрэмж бол энэ. Хэрэв бардамнал, шунал тачаал тухайн хүндээ тодорхой хэмжээгээр сэтгэл ханамж авчирдаг бол атаархал амьдралыг бүхэлд нь хордуулах сөрөг энергийг хүнээс ялгаруулж байдаг. Атаархал амьдралын сайн сайхан бүхнийг муу муухай болгож тухайн хүний хувийн болон эргэн тойронд байгаа хүмүүсийнх нь баяр баясгаланг ч үгүй хийх хар нөлөөтэй. Түүнээс гадна хүмүүс “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг атаач зангаа бусдаас нуух гэж бусад нүглийг бий болгодог. Үнэн хэрэгтээ атаархал бол бусдын юмыг илүүд үзсэн мөхөс сэтгэлгээ. Хэн ч бусдаас дор орж, өрөвдөлтэй байдалд харагдахыг хүсдэггүй шүү дээ.
-Энэ нүгэл зөвхөн зовлон дагуулдаг юм бол яагаад хүмүүс үүнээс ангижирч чаддаггүй юм бол? Тэр ч атугай зарим хүн атаархал байх нь зүйтэй гэдэг.
-Атаархал олон янз. Дан хар сүүдэртэй “хар” атаархал гэж байхад өөр хүний баяр жаргалын төлөө төрдөг “цагаан” атаархал бас буй. “Атаархал” гэдэг үг латинаар livor буюу “хөх” гэсэн утгыг агуулдаг. Эртний ромчууд атаархлаас болж “хөхөрсөн” гэж ярьдаг байсан бол оросууд “ногоорсон” гэдэг байсан. Харин хятадууд улаан өнгийг илүүд үздэг болохоороо атаархлыг “улаан нүдний өвчин” гэж нэрлэдэг.
Мөнгөний атаархал
-Атаархал нас ахих тусам буурдаг нь анзаарагддаг. Энэ юутай холбоотой юм бол?
-Тиймээ, энэ үнэн. Хүн 60 наснаасаа хойш атаархах нь багасдаг гэдгийг судалгаагаар тогтоосон. Магадгүй хүн хөгшрөх тусмаа амьдралын үнэ цэнийг эерэгээр ойлгож, заавал бусдаас хараат байж, бусадтай өөрийгөө харьцуулалгүй өөрт тохиолдсон энгийн бүхнээс баяр баясгалан авч эхэлдэг байх. Мөн хүссэн бүхэн нь санаснаар болохгүй юм гэсэн гоморхлыг хэлэхээ больж хувь заяатайгаа эвлэрдэг байх. Атаархал 18-25 насныхан болон залуу хүмүүст илүү ажиглагддаг. Тэд бүхнийг нэг дор өөрийн болгох хүсэлтэй байдаг. Тиймдээ ч залуучууд алдар хүнд, эрх мэдэл, мөнгө зэрэг амжилтын бусад үзүүлэлт зөвхөн шаргуу хөдөлмөрийн үр дүн гэдгийг ойлгож, үүний төлөө хичээдэггүй мөртлөө амжилттай яваа бусдад атаархаж богино хугацаанд ямар нэг аргаар мөнгө, эрх мэдэлтэй болох сон гэж мөрөөддөг.
-Тэгвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс тус бүрдээ юу юунд илүү атаархдаг бол?
-Европын орнууд, тэр дундаа Оросын ард иргэдийн дунд явуулсан судалгаанаас харахад, эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарал өөрөөс нь өөр эмэгтэйд төвлөрөх үед илүү атаач сэтгэлтэй болдог нь харагдсан. Дараа нь эмэгтэйчүүдийн атаархал нийгэмд эзлэх байр суурь, албан тушаал, унах унаа, өмссөн зүүсэн дээр илэрдэг болох нь тодорсон. Харин эрчүүдийн дийлэнх нь хамтрагч, найз нөхдийнхөө албан тушаалын дэвшилд эмзэглэдэг. Мөн танил эрчүүд нь баяжих, чамин машин худалдаж авах зэрэгт ихэд түгшин атаархдаг байна.
Өвлөгдсөн атаархал
-Ер нь атаархал гэгч энэ зүйл хүн төрөлхтөнд хэрхэн бий болсон юм бол?
-Атаархлын үүслийг төрөлхийн, олдмол гэсэн хоёр хувилбараар тодорхойлдог. Нэг дэх хувилбарыг тодорхойлбол удамшлын замаар хүнд өвлөгдсөн залхуурлын нэг хэлбэр бөгөөд хувьслын явцад өмнөх үеэс дараагийн үедээ үлдэн халдварласаар атаархлын шинжтэй болсон. Өөрөөр хэлбэл залхуурал,атаархал гэдэг нь нэг зүйлийн хоёр тал. Гэхдээ төрөл төрөгсөддөө атаархдаг байсан эртний хүмүүс эл чанарынхаа ачаар өөрийгөө боловсруулах, хөдөлгөх эрч хүчтэй байдаг байсан. Бараг атаач зангийнхаа хүчээр бусдаас илүү амь зуудаг байсан төдийгүй үр хүүхэддээ ч эл чанараа өвлүүлэн үлдээдэг байсан. Тухайлбал, нэгэн анчин хөрш зэргэлдээх өөрөөсөө илүү анчинд атаархсандаа маш оновчтой хүчирхэг нум, сум хийн ангийн араас шаргуу хөөцөлддөг болсноор омгийнхоо хамгийн шилдэг анч бол.сон байх жишээтэй. Мөн энэ үед эмэгтэйчүүд ч гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөж эрчүүдийн анхаарлыг татах гэж тэмцэлддэг байсан гэж байгаа. Өрсөлдөгч эмэгтэйчүүдээс дээр гарах гэж элдэв гоёл чимэглэлийн зүйлс бодож олон “гангардаг” байсан төдийгүй амтат хоол хийх, илүү уян наалинхай аашлах зэргээр ч өрсөлддөг байсан.
-Дээрх онол ерөнхийдөө нийтлэг юм. Гэхдээ өрсөлдөгчөө ямар тулаанд дуудсан биш дээ яахаараатийм хар чанар гэгддэг нь ойлгомжгүй юм. Нөгөө онолыг сонирхуулаач?
-Нийгмийн олдмол атаархлын онол арай л олон өрсөлдөгчтэй. Учир нь хүн ийм занг нийгмийн амьдрал дундаас өөрөө бий болгодог болохоор олон талтай. Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ бусад хүүхдүүдтэй тогтмол харьцуулан, бусдын хүүхдийг магтан үлгэр жишээ ав гэснээр хүүхдийнхээ цэвэр ариун сэтгэлийг өрсөлдөөний талбар болгож атаархлын нүглийг хуримтлуулах эх үүсвэрийг тавьдаг. Тиймээс хүүхэд бусадтай өөрийгөө харьцуулдаг болж, өөртөө ямар ч сайн нөлөөгүй атаач занг зузааруулсаар байдаг. Энэ нь өөртөө итгэх итгэлгүй, үлгэр жишээ авмаар хүнийг үл хүндэтгэх, өө сэв хайх зэрэг гаж сэтгэлгээтэй болгодог.
-Атаач хүмүүс сөрөг тал руугаа чиглэсэн “сэтгэл зүйн хор” ялгаруулдаг гэх юм. Энэ нь эрүүл мэндэд аюултай юу?
-Бараг л үгүй дээ. Тухайн атаач хэчнээн их сөрөг бодол өрсөлдөгч рүүгээ илгээлээ ч бүх муу зүйл нь өөрт нь л үлдэнэ. Цаад талд ямар ч нөлөөгүй. Атаархал бусад сөрөг эмоцитой адил мэдрэлийн системийг идэвхжүүлж, артерийн даралтыг нэмэгдүүлж, хоол боловсруулах эрхтэний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
-Тэгэхээр атаархал ходоодны шархлаа үүсгэдэг гэдэг нь оргүй биш бололтой?
-Мэдээж. Тиймээс хэн нэгэнд атаархахаасаа өмнө, “дэмий атгаг санаа агуулах уу, эрүүл мэндээ хохироох уу” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.
-Атаархлыг үхлийн хар нүглийн жагсаалтад шал дэмий оруулсан гэж танд бодогдохгүй байна уу?
-Урлаг, спорт, шинжлэх ухаанд амжилт гаргахад атаархал багагүй түлхэц болдог шүү дээ. Тэр ч атугай хүн төрөлхтний хөгжил дэвшилд атаархал багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж би боддог. Жишээ нь, хүмүүс шувуунд атаархаж онгоц, загасанд атаархаж шумбагч завь бүтээсэн болов уу…Атаархал бүтээлч, өрсөлдөөнтэй бол мэдээж сайн л даа. Гэвч бүхнийг амжих, бүтээн босгох хүч, тэвчээр хангалтгүйн улмаас дэмий шаналлын “хар” атаархал болж хувирдаг. Хамгийн тод жишээ бол Сальерийн тухай домог. Тэрбээр өөрт заяасан чадвараа ашиглан хөгжүүлж чадаагүй мөртлөө Моцартадатаархан хордуулсан гэж яригддаг.

No comments:

Post a Comment