2010/03/21

Сонирхолтой санагдсан яриануудаас

Хүүхдийн мэдэрхүй эхийн гэдсэнд байхаас эхлээд төрөөд 3 нас хүртэл хамгийн эрчимтэй хөгждөг бололтой. Ялангуяа амтлах мэдэрхүй төрснөөс 3 нас хүртэл хөгждөг. Өөрөөр хэлбэл 0-3 насанд хүүхэддээ янз бүрийн амтыг маш сайн тогтоож цаашид ямар амтанд дуртай болох вэ гэдэг нь энэ үед шийдэгддэг ажээ. Иймээс багаасаа чихэрлэг юм их идэж өссөн хүүхэд бүх амьдралаараа бусад хүмүүстэй харьцуулахад чихэрлэг юманд илүү дуртай байна. Их давстай хоол идэж өссөн хүүхэд том болсон ч хоолондоо их давс хийхгүй бол давстай юм шиг мэдэрдэггүй аж. Үүнтэй адил зөвхөн миний ойлгож байгаагаар (махны амтыг умами гэдэг) багаасаа мах идэж өссөн монголчууд маань махгүй хоол амтгүй санагдаад байх нь аргагүй юм болов уу. Харин амт султай юм идэж өссөн бол том болоод янз бүрийн амтыг ялгахдаа сайн болдог юм байна. Иймээс Японд хүүхдийг бага наснаас нь амт султай болон хатуу зөөлөн, уян харимхай гэх мэт байдалтай янз бүрийн хоол идүүлэхийг зөвлөдөг юм байна.Ингэснээр байгалийнх нь амтыг нь илүү тогтоолгох, хэлний ба зажлуурын мэдэрхүйг хөгжүүлдэг гэнэ. Магадгүй тийм ч учраас япон хэлэнд амтыг илэрхийлэх маш олон үг байдаг юм болов уу. Цаашид амьдралын зуршлаас үүдэх өвчнөөс сэргийлэхэд багаасаа мэдэрсэн амтны ой тогтоолт чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.
Бургер, шарсан төмс буюу фастфуд, бэлэн хоол зэрэг маш хүчтэй амтлагчтай хоолыг хүүхэддээ багаас нь бүү өгөөрэй. Амьдралын зуршлын өвчнүүдээс сэргийлнэ.
Мөн 4 -5 нас хүртэл нь газтай ундаа бүү уулгаарай, 4 нас хүртэл нь чихэр шоколадыг долоо хоногт ганц удаа ч юм уу огт өгөхгүй байсан ч болно. Эдгээр байхгүй байсан ч гэсэн хүүхэд тань эрүүл амьдарч чадна. Мөн яс, шүдтэй холбоотой асуудлууд ирээдүйд гарах магадлал буурна.
Янз бүрийн навчин болон үндсэн ногоонуудыг их идүүлж байгаарай. Лууван, навчин ногоонд агуулагдах чухал тэжээлийг хоолоороо хангалттай авж эрүүл чийрэг амьдарч чадна. Ирээдүйд хавдараар өвчлөх магадлал эрс буурна.
Давс султай (ирээдүйд даралт ихсэх өвчнөөс сэргийлж чадна), янз бүрийн хэмжээгээр хэрчсэн, хатуулагтай хоол өгөөрэй гэж ээж аав болох гэж байгаа хүмүүст захья. Мөн ойролцоогоор хүүхэд гартаа тааралдсан бүхнийг амандаа хийгээд байдаг нь орчингоо танихдаа амны мэдэрхүйгээрээ антенн хийдэг ажээ. Хүүхэд багаасаа хуруугаа хөхдөг. Энэ нь ямар үед хөхөж байгаасаа хамаараад сайн муу талуудтай байдаг.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хуруугаа бага хөхдөг ба тэр хэвээр нь дасгал хийлгэхгүй орхивол юм хүлээн авах чадвар цаашид ч хоцрогддог ажээ. Ийм тохиолдолд хүүхдийн араа шүдийг гартал эцэг эх нь араа шүд гарах буйлны хэсгийг өдөрт ядаж нэг удаа ч болов хуруугаараа зөөлөн зүлгэж дасгах хэрэгтэй аж. Ингэснээр дасгал огт хийж үзээгүй ба хийж үзсэн хүүхдийн хөгжлийн түвшин эрс ялгаатай байдаг гэсэн судалгаа байдаг. Мөн хэвийн өсөж бойжиж байгаа хүүхдэд ч ийм дасгал хийх нь ашигтай аж. Учир нь 2 нас дөхөөд буюу араа шүд нь ургаад ирэхээрээ хүүхэд амандаа хүргүүлэхээс дургүйцдэг болдог ба үүнээс ээж нь хүүхдийнхээ шүдийг угаахад бэрхшээлтэй болдог гэнэ. Шүд нь ургаагүй байсан үеэс нь хуруугаа болон сойз хүргэж дасгаснаар энэ асуудал шийдэгдэхэд дөхөм болно. Харин сойзыг шүд нь цухуйсан үеэс нь эхэлж дасгахыг зөвлөе.Хүүхэд тэгвэл хэдэн нас хүртлээ хуруугаа хөхөхийг зөвшөөрөх вэ? Японд шүдний эмч нар 2 нас хүртэл гэдэг байна. Яагаад гэвэл хүүхдийн араа шүд гарч ирэхээр эрүүний яс бэхжиж эхэлдэг. Энэ үе хүртэл хуруу хөхөх нь зогсвол эрүү тагнайн яс цаашлаад нүүрний хэлбэр эрүүл хөгждөг гэнэ. Харин зогсохгүй бол тагнай болон шүдний байршилд өөрчлөлт орж орсгой, хэвийн үед ам нь байнга онгорхой байдалд хүрдэг. Мөн уруул нүүрний булчингууд суларч цаашид ч янз бүрийн муу үр дагавар авчирдаг ажээ. Уруул нь зузаан гурвалжин уул хэлбэртэй хэвийн үед онгорхой байвал уруулын булчин сул гэж тодорхойлж болох юм шиг байна лээ. Ийм тохиолдолд үлээвэр хөгжим тоглох зэрэг уруул чангалах дасгал хийлгэхийг зөвлөдөг.Өнөөдөртөө ингээд түр завсарлая.

No comments:

Post a Comment